Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-17
Дугаар 02
Хэргийн индекс 045/2011/0002/З
Шүүх Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сангаагийн Отгонцэцэг
Нэхэмжлэгч Цогбадраагийн Саранхүү
Хариуцагч Ханхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус шүүхэд нэхэмжлэгч Ц.Саранхүү нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 10 сарын 15-ны өдрийн 6/01, 6/02, 6/03, 6/04, 6/05  тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2010 оны 12 сарын 13-ны өдөр “Ханхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 10 сарын 15-ны өдрийн 6/02  тоот тогтоолыг хүчингүй болгуулах”, мөн 2011 оны 01 сарын 10-ны өдөр “ажилдаа эргүүлэн тогтоолгож,  2010 оны 10 сарын 21-ний өдрөөс 2011 оны 01 сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1977387 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.


Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэдийн төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчид 2010 оны 9 сарын 27-ны өдрийн 45 тоот тогтоолоор ээлжит бус хуралдааныг зарлаж, хэлэлцэх асуудлыг тогтоосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд уг ээлжит бус хуралдаан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 1 сарын 02-ны өдрийн 2/01 тогтоолоор батлагдсан дэгийн дагуу явагдсан байна. 
2010 оны 10 сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Хурлын Тэргүүлэгчдийн ажлын тайланг хэлэлцсэний дараа МАХН-ын бүлэг завсарлага авч орж ирээд Ц.Саранхүү нь “тайлангийн дүгнэлт дээр хангалттай, хангалтгүй гэсэн санал хураалт явуулах санал” оруулж, санал хураалт явуулахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны тайланд “хангалтгүй” гэсэн үнэлгээг хуралдаанд оролцогсодын олонх буюу 73 хувь өгсөн, энэ тухай 6 /01 тогтоол, үүний дараа Ц.Саранхүү нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар түүний хүсэлтийг төлөөлөгчдийн 85,7 хувь дэмжсэн тул түүнийг чөлөөлөх тухай 6/02 тоот тогтоол тус тус гарсан байна.
Энэ хоёр асуудлыг хэлэлцсэн хуралдааныг Ц.Саранхүү өөрөө удирдаж албан тушаалаасаа чөлөөлөгдөх саналыг өөрөө гаргасан, ээлжит бус хуралдаанд Ц.Саранхүүгийн ёс зүйн зөрчлийн талаар яригдаж байсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба харин Ц.Саранхүү нь эсрэг намын төлөөлөгчдийн шахалтаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах” журмын 2.6-д зааснаар нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж нийт 633288 /2010 оны 11 сард 329838, 12 сард 303450/ төгрөг авсан болох нь хэргийн оролцогчдийн тайлбар, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Ц.Болортуяагийн тодорхойлолт, түүнд хавсаргаж ирүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Хурал нь…тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж заасан, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.”б”-д Хурлын даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг зохицуулсан байх тул Ц.Саранхүүг албан тушаалаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах  боломжгүй гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр Ц.Саранхүүг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүрэг ажлаас нь чөлөөлсөн мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2010 оны 10 сарын 15-ны өдрийн 6/02 тоот тогтоол хуульд заасан журмын дагуу гарсан байх тул Ц.Саранхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 
70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1.”б”, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 10 сарын 15-ны өдрийн 6/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, ажилдаа эргүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин 1977387 төгрөг гаргуулах тухай Ц.Саранхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.