Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-11-22
Дугаар 1674
Хэргийн индекс 018/2013/1963/И
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Намсрайн Нарангэрэл
Нэхэмжлэгч Э,Цэцэгдэлгэр
Хариуцагч А,Баярбилэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

                                         

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 61 дүгээр байрны 76 тоотод оршин суух, Гурван банди овогт Энхтөрийн Цэцэгдэлгэр /ТЗ 88040765/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 61 дүгээр байрны 76 тоотод оршин суух, Гэнбэл овогт Алтанбаганы Баярбилэг /УЗ88052411/-т холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Цэцэгдэлгэр, хариуцагч А.Баярбилэг, нарийн бичгийн дарга Б.Чанцал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Цэцэгдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие А.Баярбилэгтэй 2004 онд танилцаж 2010 оны 08 сарын 01-ний өдөр гэрлэлтийн баталгаа авч гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд охин Мишээл 2010 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн. 2011 оны сүүлчээс байнгын хэрүүл маргаантай байж 2012 оны 4 сард өөр хүнтэй уулздаг болсныг мэдсэн. 2012 оны 5 сараас гэрээсээ явж тус тусдаа амьдрах болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.  

Хариуцагч А.Баярбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 11 сарын 05-ны өдөр охин Мишээл төрсөн. Гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн  тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаангүй гэв.  

 

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

        Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

        Э.Цэцэгдэлгэр, А.Баярбилэг нар нь 2010 онд гэр бүл болж 2010 оны 11 сарын 05-ны өдөр охин Мишээлийг төрүүлж өсгөжээ.

        Гэрлэгчид бие биеэ ойлгож, хүндэтгэх, халамжлах  үүргээ  биелүүлдэггүй, байнгын хэрүүл маргаантайн улмаас тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид гэрлэлт цуцлах, хүүхдийг эхийн асрамжид үлдээх, тэтгэлэг тогтоох  шаардлагыг хүлээн  зөвшөөрсөн нь зохигчидын тайлбар, гэрлэсний болон хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл өсөж байгаа эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

          Иймд зохигчдын харилцан тохиролцсоноор гэрлэлтийг цуцалж, охин Мишээлийг эхийн асрамжинд үлдээж, тэтгэлгийг хуульд зааснаар  тогтоох үндэстэй. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

       1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан  Гурван банди овогт Энхтөрийн Цэцэгдэлгэр, Гэнбэл овогт Алтанбаганы Баярбилэг нарын  гэрлэлтийг цуцалсугай.  

 

2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан охин Мишээлийг эх           Э.Цэцэгдэлгэрийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11- 16  /суралцаж байгаа бол 18/  нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг А.Баярбилэгээс сар бүр  гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй. 

 

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын  төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд  96.336 төгрөг гаргуулж, үүнээс 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид  олгож, 26.136 төгрөгийг  улсын төсвийн орлого болгосугай.

 

6. 4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагадхүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Дарьсүрэнд даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120-р зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчинтэй  болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч  шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах  гомдол  гаргаж  болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.