Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-10-17
Дугаар 1477
Хэргийн индекс 018/2013/1982/И
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Намсрайн Нарангэрэл
Нэхэмжлэгч ОБЕГ
Хариуцагч Д,Алтансүх
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Чингэлтэй  дүүргийн  шүүхийн  шүүгч  Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар:

     Нэхэмжлэгч: Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь “Улсын шатахууны нөөцийн салбар”-ын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо Сургуулийн 38-744 тоотод оршин суух, Очирт овогт Доржсүрэнгийн Алтансүх/ ПЖ 88122410/-д холбогдох

Шатахуун дутагдуулсаны төлбөрт 3.128.642.26 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг  хянан хэлэлцэв.            

   Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Бямбарагчаа, хариуцагч Д.Алтансүх, нарийн бичгийн дарга Н.Энхжил нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь “Улсын шатахууны нөөцийн салбар”-ын дарга Ц.Бямбарагчаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д.Алтансүх нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд тус салбарт шатахууны агуулахын няраваар ажиллаж байгаа  бөгөөд энэ хугацаанд АИ-92 автобензин 630.61 кг буюу 920457 төгрөг 27 мөнгө, А-80 автобензин 596 кг буюу 517137 төгрөг 28 мөнгө, дизель түлш 1341.42 кг буюу 1.691.1047 төгрөг 71 мөнгө, бүгд 2568.03 кг буюу 3.128.642 төгрөг 26 мөнгөний дутагдал гаргасан байна.Д.Алтансүхийн хариуцан ажиллаж байгаа агуулахыг анх 2002онд манай салбарүүсгэн байгуулахад шүүхийн шийдвэрээрБөөний худалдаа ХХК-ийншийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан агуулахыгшилжүүлж өгсөн. Уг агуулахаж ахуйн зориулалттай, түр шатахуун зөөврийн 11 сав байсан. Тоног төхөөрөмжийн хувьд үнэхээр муудсан, 4 сав нь нүдэнд харагдах байдлаар цоорсон байсан. Ийм учраас энэ савнуудад шатахуун хадгалж байгаагүй. Харин 7 саванд нь АИ-92, А-80, дезел гэсэн 3 шатахуун хадгалж ирсэн. Бид 2012 онд удаа дараа хүсэлт тавьсаны дагуу 11 металь хийцийн саванд шинжилгээ хийсэн. Уг шинжилгээгээр ашиглаж байгаа савнуудаас нэмж 9 дүгээр савыг ашиглах боломжгүй, мөн энэ шинжилгээгээр 5 жилийн зохих хэмжээний засвар хийж байж ашиглана гэсэн дүгнэлт гарсан. Шатахуунд маш их хэмжээний ууршилт явагдаж байсан нь шинжилгээгээр тогтоосон  гэв.

Хариуцагч Д.Алтансүх шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэж бодож байгаа. Ажиллах хугацаандаа стандарт, дүрэм, горимын дагуу ажлаа хийж байсан. Манайх 4 ээлжийн харуул, камертай учраас надаас шалтгаалсан алдаа гараагүй. Намайг анх ажилд ороход энэ савнуудын дүгнэлт гарсан байсан. Оношилгоо гарснаас хойш шатахуунаа яаралтай султгая гэж ярилцан ажиллаж байсан. Манай шатахуун салбарын ШТС-аар дамжиж зарлага гарч, борлуулалт хийгддэг учраас ШТС-ын агуулах савнууд нь суларч өгөхгүй, шаардлага хангахгүй агуулахад удсаны улмаас ууршсан гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газар Шатахууны нөөцийн салбар нь  шатахуун дутагдуулсаны төлбөрт 3.128.642.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шаардлага хангаагүй саванд түлш хадгалсан гэж маргажээ.

 

   Хариуцагч Д.Алтансүх нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Онцгой байдлын ерөнхий газар Шатахууны нөөцийн салбарт томилогдон ажиллаж байх хугацаандаа 3.128.642.26 төгрөгийн шатахуун дутагдуулсан болох нь зохигчдын  тайлбар, Нөөцийн тайлангийн авлага /хх-ийн 3 / зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Ажил олгогч нь нярав Д.Алтансүхтэй хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэж мэтгэлцэж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заанаар ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Хариуцагч Д.Алтансүх нь 3.128.642.26 төгрөгийн шатахуун дутагдсан боловч миний буруутай ажиллагаа байхгүй, ажил үүргийн хувиарын дагуу тогтмол ээлжийг хүлээлгэн өгч, хэмжилт хийдэг бөгөөд байнгын харуул  хамгаалалттай, камерийг байнга шалгаж баталгаажуулдаг. Шаардлага хангахгүй саванд  шатахуун хадгалж байснаас ууршиж дутагдал гарсан гэж маргаж байна.

Металл үл эвдэх сорилт ХХК-ийн 2012 оны 8 сарын 29-ны өдрийн дүгнэлтэнд “Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн шатахууны  хадгалах агуулахын газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 65м3-н багтаамжтай сав ¹ 2,3,5,7,11 хийгдсэн хатуулгийн хэмжилтийн үр дүн  хэвийн байгаа боловч  гадна үзлэгийн шалгалт, ханын зузаан хэмжилтийн тайлангуудын үр дүнгээр тэнцээгүй тул цаашид ашиглах боломжгүй болох  нь тус комиссын дүгнэлтээр тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т “Ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг  бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй” гэж зааснаар Д.Алтансүхэд холбогдох Онцгой байдлын ерөнхий газар Шатахууны нөөцийн салбарын шатахуун дутагдуулсаны төлбөрт 3.128.642.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

          

        1.Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4., 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан Д.Алтансүхэд холбогдох шатахуун дутагдуулсаны төлбөрт 3.128.642.26 төгрөг гаргуулах тухай Онцгой байдлын ерөнхий газар Шатахууны нөөцийн салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

        2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчулсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

           

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ 

 

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.