Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2014-05-09
Тогтоолын дугаар 159
Хэргийн индекс 192/2013/0038/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч С.Олзбат
Зүйл заалт 248.1. - Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх
Улсын яллагч Б.Гипэлмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

С.Олзбатад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

           

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн С.Нямжав даргалж, шүүгч Б.Батцэрэн, Б.Цогт, Т.Уранцэцэг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Гипэлмаа, нарийн бичгийн дарга Б.Өлзийхишиг нарыг оролцуулан хийж, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 59 дүгээр магадлалтай, С.Олзбатад холбогдох 201311000168 дугаар эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч З.Нямсүрэнгийн гомдлыг үндэслэн, хэргийг 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Монгол Улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 08-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг Цагаан дэрс гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Содномын Олзбат.

 

С.Олзбат нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний орой Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан дэрс” гэх газарт гэртээ Д.Одбаатарыг “агсам тавьж, гэр оронд эд зүйлс эвдэж гэмтээлээ” гэх шалтгаанаар хэвлийд нь өшиглөж, түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор: С.Олзбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр, ялтан энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 700,000 төгрөг төлсөн, одоо бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар ялтны эзэмшлийн Яамаха-150 маркийн 28-46 ДОЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжилсэн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.   

 

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх С.Олзбатад холбогдох хэргийг 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд, 59 дүгээр магадлалаар: Ялтан С.Олзбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ. 

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан ялтны өмгөөлөгч З.Нямсүрэнгийн гомдолд: “...Хөнгөрүүлэх болон цагаатгах талын нотлох баримтыг үнэлээгүй. Иймд мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол мөн цагаатгах тогтоол, мөрдөн байцаалтад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол, хохирогч гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон Улсын Ерөнхий  прокурорын  газрын  хяналтын прокурор Б.Гипэлмаагийн хэлсэн саналд: “Хохирогч анхнаасаа “Би согтоод унасан байсан болохоор юу болсныг сайн мэдээгүй. Өглөө үүрээр сэрэхэд бие эвгүйрхээд байхаар нь эмнэлэгт очсон”, “Олзбат намайг өшиглөсөн гэхээр нь цагдаад гомдол гаргаж энэ асуудал эхэлсэн” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхэд хохирогч Д.Одбаатар нь “акумлятор дээр унасан гэж Олзбат хэлсэн” гэж мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын шатанд акумлятор дээр унасан эсэх асуудал яригдахгүй байж байгаад сүүлдээ хоёр аккумлятор байсан болдог. Аккумляторын асуудал тодорхойгүй байдаг. Олзбат Одбаатар хоёрын хооронд болсон байдлыг гэрч Энхтүвшин харсан. Энхтүвшин нь “Одбаяр босох гэж байгаад багана болон пийшинг нураахаар С.Олзбатын уур хүрээд Одбаярын цээж рүү хоёр удаа өшиглөсөн” гэж эхэлж мэдүүлж байснаа дараа нь мөрдөн байцаалтын явцад “Цээж рүү нэг удаа, өгзөг рүү нэг удаа өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Одбаатар гэрээс гараад явсан нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдоогүй байдаг. Одбаатар нь өөрөө өмдөндөө шээтлээ архи ууж согтсон байсан. Эдгээр байдлаас С.Олзбат нь Одбаатарыг зодож гэмтэл учруулсан байх боломжтой. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөв дүгнэлт хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ялтан С.Олзбат нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний орой Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан дэрс” гэх газарт гэртээ Д.Одбаатарыг “агсам тавьж, гэр оронд эд зүйлс эвдэж гэмтээлээ” гэх шалтгаанаар хэвлийд нь өшиглөж, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Одбаатарын “...2013 оны 02 дугаар сарын 19-ний орой С.Олзбатынд орохдоо нилээн согтуу ороод нэг шил архи гаргаж, ууж байгаад тасарсан. С.Олзбат намайг 2 удаа өшиглөсөн гэж хэлсэн. Яаж өшиглөснийг мэдэхгүй. Шөнө босох гэтэл бие өвдөөд босож чадахгүй хэвтэж байгаад дахин өвдөхөөр нь эмнэлэг рүү явахдаа нэг амарч очсон” гэсэн, гэрч Г.Энхтүвшингийн “...Д.Одбаатар босох гэснээ унахад пийшингийн баруун хойд тал нурж, баруун талын багана дээд углуургаараа хугарсан. Багана унахад С.Олзбат уурлаж, босож ирээд “чи одоо яв” гээд чирээд гаргах гэхэд Д.Одбаатар гарахгүй зууралдаад унахад нь С.Олзбат цээж рүү нь нэг өшиглөөд нуруу, өгзөгний орчим нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлгүүд болон  “Д.Одбаатарын биед тогтоогдсон элэгний 4 дүгээр сигментийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №209, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс С.Олзбатад үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Уг хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд С.Олзбатын “...Одбаатар багана хугалаад ойчсон, тэгэхээр нь уурлаад бөгс рүү нь өшиглөөд өндийгөөд босох гэж байхад нь цавь, гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн, тэгэхэд элэг нь гэмтсэн байх” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Г.Энхтүвшингийн мэдүүлэг зэргээс үзэхэд С.Олзбат нь санаатайгаар өшиглөж Д.Одбаатарын биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт хангалттай тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүхээс С.Олзбат нь анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.  

 

Иймд өмгөөлөгч З.Нямсүрэнгийн “...Хөнгөрүүлэх болон цагаатгах талын нотлох баримтыг үнэлээгүй. Иймд мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол мөн цагаатгах тогтоол, мөрдөн байцаалтад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол, хохирогч гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 59 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч З.Нямсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          С.НЯМЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2013.07.05 38 Дорнод аймаг дахь Сум дундын шүүх Лхамсүрэнгийн Батжаргал С.Олзбат 248.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2013.08.26 47 Дорнод аймгийн шүүх Лхүндэвийн Наранбаяр С.Олзбат 248.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2014.05.09 159 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн С.Олзбат 248.1.
2014.05.09 159 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн С.Олзбат 248.1.