Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-04-11
Дугаар 122
Хэргийн индекс 017/2012/0112/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч Д.Наранцогт
Зүйл хэсэг 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ц.Насанбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч Д.Батсуурь, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Наранбаатар,

Улсын яллагч: Ц.Насанбат

Хохирогч: П.Батдаваа

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Сосорбарам

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайжав

Иргэдийн төлөөлөгч: Х.Баатар, Л.Чимэдлхам, О.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийв.

Эрүүгийн хэргийн дугаар 21127610

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Дашзэвэгийн Наранцогтод холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Тайжууд овогт Дашзэвэгийн Наранцогт: Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. 37 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Нолго” ХХК-д гагнуурчнаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, эхийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 50-108 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /МЬ75061116, ИҮ:УБ0571473/

Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Д.Наранцогт нь 2011 оны 3-4 дүгээр сард Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нолго” ХХК-ний захирлын биллярдны өрөөний арын 00-ийн өрөөнд төмөр саванд хийж хадгалж байсан 160,000 америк доллар буюу 200.838.400 төгрөг /160000 америк доллар*1255,24 төгрөг=200.838.400 төгрөг/, нэг бүр нь 15гр жинтэй 9 ширхэг, 135 грамм алтан гулдмайг /135 грамм*56.519,84 төгрөг=7.630.178,4 төгрөг/ хулгайлж, нийт 208.468.578,4 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Наранцогт мэдүүлэхдээ:

Би 2002 онд “Нолго” ХХК-д гагнуурчнаар орсон.  2011 оны 02 дугаар сарын сүүлчээр нэг өдөр ажлаа хийж байсан. Хоёр давхарт захирал дуудаад биллярдын өрөөний санг янзлах хэрэгтэй байна гэсэн. Надад 00-ийн өрөөнд хийх ажлыг маань зааж өгөөд гарсан. Би цүнхтэй багажаа агааржуулах хоолой дээр  байрлуулсан чинь хоёр төмөр сав байсан. Дотор нь 20000 доллар,  нөгөө саванд нь 100-тын дэвсгэртээр 30000 доллар, 4 гулдмай алт, нийт 50.000 доллар байсан. Би юун мөнгө юм бол олз оллоо гэж бодоод аваад хармаалсан. Тэр үед захирал хааяа хааяа орж гарч байсан. Сангийн ажлаа дуусаад захирал биллъярдны хаалга түгжсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Батдаваа мэдүүлэхдээ:

Энэ нөхөр мөнгө хулгай хийсний дараа залгасан чинь ходоод өвдсөн гээд 10 хоног чөлөө аваад тэгээд ажилдаа ирээгүй алга болсон. Хэд хоногийн дараа цагдаагийн хэлтэст мэдэгдээд энэ нөхөр баригдсан. Тэр өрөөнд надаас өөр хүн ордоггүй юм. Хүн болгон ороод байдаг өрөө биш. Хоёр хайрцагт 9 ширхэг алтан гулдмай, 160.000 ам доллар байсан. 15 граммын 999 сорьцтой алт байсан. Энэ нөхөр өөрийн авсан үрсэн талаараа бүгдийг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Өнөөдөр энэ хүн яагаад ингэж мэдүүлж байгааг ойлгохгүй байна. Мөрдөн байцаалт хуульд заасны дагуу явагдаагүй дутуу хийгдсэн. Бэлэн мөнгө 43.883.194 сая төгрөг авсан. Үлдэх 164.582.388 төгрөгөө нэхэмжилнэ. Би бэлэн мөнгөний эх үүсвэрээ тайлбарлаж баримтыг нь гаргаж өгсөн. Би Номинд холдингид 260.000 доллараар агуулах зарсан гэв.

 Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл дэх:

... 25x25 см хэмжээтэй цэнхэр өнгийн төмөр агааржуулалтын хоолой байрласан, уг хоолойн ховил дээр 14,3 см өндөртэй, 10 см диаметртэй адил хэмжээтэй хар өнгийн гадаргуутай төмөр сав байх ба хохирогч уг саванд мөнгө хийж, агааржуулалтын хоолой дээр тавьж хадгалж байсан гэж байв. Уг хоёр савыг авч, тагийг нээж үзэхэд хоёулаа хоосон байсан гэсэн хэсэг /хх-ийн 6-11 дүгээр хуудас/

Туршилт хийсэн тэмдэглэл:

1, 2 гэж дугаарласан төмөр саванд хэмжилт хийв.

...1 гэж дугаарласан саванд АНУ-ын шар өнгийн цаасаар боосон 1 боодолдоо 100-тын дэвсгэртээр 100 ширхэг, нийт 9 боодол мөнгийг хохирогч Б.Батдаваа саванд өөрөө хийхэд 8 боодол мөнгө хийгээд сав битүү зайгүй болсон. ...4 ширхэг алтыг марланд боож 8 боодол мөнгө хийсэн 1 гэж дугаарласан саванд хийхэд багтаж байлаа. 2 гэж дугаарласан саванд 8 боодол мөнгө орсон бөгөөд 1 боодол мөнгө орох боломжгүй байлаа. 2 дугаар саванд марланд боосон мөнгийг хийгээгүй болно. Учир нь хохирогч мэдүүлэхдээ нэг саванд алт хийсэн гэж мэдүүлсэн /хх-ийн 17-22 дугаар хуудас/

Д.Наранцогтоос эд зүйл хурааж авсан тэмдэглэл:

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 47 дугаар байрны 28 тоот орон сууцны №000138128 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ 1 ш

 03-72 УНО дугаартай HONDA CR-V маркийн тээврийн хэрэгслийн АЯ№0110861 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0069638 дугаарын татвар төлөгчийн гэрчилгээ,

1 ширхэг түлхүүр

 04-49 УБЧ дугаартай Тоёота Карина маркийн машины татвар төлөгчийн гэрчилгээ

Д.Наранцогтын нэр дээрх Хадгаламж банкны №10510003572 дугаарын данстай 1006838 дугаарын хадгаламжийн дэвтэр

 Н.Энхжаргалын нэр дээр ХХБ-д нээлгэсэн №405058066 дугаарын данстай 0095050 дугаарын хадгаламжийн дэвтэр

 Д.Наранцогтын мөнгө алт хийсэн гэх бор ногоон өнгийн даавуун цүнх

 Д.Наранцогтын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспорт

 И.Осоржамаагийн иргэний үнэмлэх, гадаад паспорт /хх-ийн 23 дугаар хуудас/

Хохирогч П.Батдаваагийн тайлбар, мэдүүлэг /хх-ийн 13-14, 73-77 дугаар хуудас/

Д.Наранцогтоос хураасан эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-27 дугаар хуудас/

Д.Наранцогтоос хураасан алт хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/

Д.Наранцогтын нэр дээр Хадгаламж банкны 10510003572 тоот данснаас 40,495,000 төгрөгийг гаргуулан авч хохирогч П.Батдаваад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-25/

Нонда-СR\/ маркийн 03-72 дугаартай автомашин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-26/

Тоёота Карина маркийн машин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/

Хохирогч П.Батдаваагийн өгсөн:

…би нийт 160.000 ам.долларыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нолго” ХХК-ий ерөнхий захирлын амралтын өрөөний агааржуулалтын хоолойн дээр төмөр савтай хоёр ширхэг саван дотор хийчихсэн байсан. Нэг төмөр саванд нь 100-тын дэвсгэртээр 1 боодолдоо 100 ширхэг нийт 8 боодлоор багцалсан АНУ-ын мөнгөн тэмдэгт болох ам.долларыг хийгээд 2 ширхэг төмөр саванд нийт 16 ширхэг боодол багцалсан АНУ-ын мөнгөн тэмдэгт ам.долларыг багцалж хийсэн байсан ба уг төмөр савны хажуугаар нь нийт 9 ширхэг тус бүр нь 15 грамм жинтэй 9999 сорьцтой алтан жижиг гулдмайг маарланд боогоод хийчихсэн. Нийт 160.000 ам.доллар, 9 ширхэг буюу 135 гр жинтэй алтан гулдмай зэргээ алдсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 73-77 дугаар хуудас/

Гэрч И.Осоржамаагийн өгсөн:

 ...хэзээг нь санахгүй байна. 2 сарын сүүлээр нэг өдөр орой манай нөхөр Наранцогт ажлаасаа ирэхдээ маарлан даавуунд боодолтой 4 ширхэг жижиг алт, мөн боодолтой 10-тын дэвсгэртээр 10-аад боодол америк доллар авч ирсэн. Тэр надад хэлэхдээ захирал нь биллярдны өрөөнийхөө 00-ийн бочкиг засуулсан. Тэгээд засаж байхдаа дээр нь байсан хоолой дээр байсан зүйлийг үзэхэд энэ доллар алт байхаар нь аваад ирлээ гэхээр нь би тэгвэл наад мөнгө чинь захирлынх чинь юм бишүү гэхэд тэр “бишээ захирал яалаа гэж мөнгөө тэнд хийдэг юм бэ тэр мөнгийг чинь олсон юм” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар хуудас/

Гэрч Ө.Энхбаатарын өгсөн:

 2011 оны хавар хугацааг нь сайн санахгүй байна. Осоржамаагийн ээж Ичинхорлоог манай ээжтэй дохиогоор яриад байсан. Би өөрийн ээж Өнөрцэцэгээс юу ярьсан талаар асуухад Наранцогт цүнхтэй мөнгө авч ирээд, мөнгөнийхөө талыг байшингийнхаа хананд хийгээд шавардчихсан гэж байна гэсэн юм. Би 2011 оны 7 сард Осоржамаа эгч манай гэрт ирээд Наранцогт ах чинь юм олсон гэж хэлж байсан. Би сураг сонсоод байхад Наранцогтыг маш их хэмжээний мөнгө хулгайлсан тэр мөнгөнийхөө талыг далд хийчихсэн юм ярьж байсан. …Наранцогт ах маш хашир, муу санаатай. Осоржамаа их шуналтай хүн. … гэсэн мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/

Яллагдагч Д.Наранцогтын өгсөн:

Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нолго ХХК-д 2000 оноос эхлэн гагнуурчнаар ажиллаж байна. 2011 оны 02 сарын эхээр цагаан сарын баярын дараахан барагцаагаар 2 сарын дундуур нэг өдөр ажил дээрээ байж байтал захирал Батдаваа 2 дугаар давхрын биллярдны өрөөнд байдаг 00-ийн өрөөний бочкиг засаатах гэхээр нь би заалнаас А хэлбэрийн шат болон сантехникийн багажнуудаа аваад, уг 00-ийн өрөөнд захирлын хамт орсон. Ингээд би уг 00-ийн бочкины уян хоолойг сольж байхад захирал орж гараад яваад байсан. Тэгээд би ганцаараа шатан дээр байж байгаад уг 00-ийн өрөөний дээд хэсгээр хөндлөн байрласан агааржуулагчийн төмөр хоолойг сонирхохоор дээш гартал уг хоолойн дээр хоолойн гол хэсэг  2 ширхэг төмөр сав харагдсан. Тэгэхээр нь би юу юм бол гэж бодоод, уг төмөр савыг татаж үзтэл сул хөдөлж байсан. Тэгэхээр нь авч үзтэл резбатай төмөр тагтай, гадуураа хар будагтай төмөр сав байсан ба эхлээд нэгийг нь онгойлгож үзтэл дотор нь мөнгө байхаар нь гаргаж ирж үзтэл 6 боодол америк доллар дандаа 100-тын дэвсгэртээр байсан. Мөн маарлан даавуунд боосон гадна талдаа 999 монгол гэсэн бичигтэй 4 ширхэг алт байсан… Нөгөө савыг онгойлгож үзтэл дотор нь 7 боодол америк доллар байсан. Ингээд аваад өвөртөө хийчихээд бочки засаад байж байтал захирал орж ирээд дуусахгүй бол маргааш бол доо гэж хэлээд намайг гаргаад хаалга түгжсэн.

…Да хүрээ зах дээр очиж С-ГСУ маркийн машины үнэд 14.000 доллар өгсөн гэхдээ арай илүү өгсөн яг хэдийг өгснөө санахгүй байна.

…эхнэр бид хоёроос хадам ээжийн дүүгийн хүү ажил олж өгөөч гэж гуйгаад байсан болохоор нь эхнэр бид хоёр Энхбаатарт машин авч өгөөд таксинд явуулаад мөнгийг нь цувуулж авъя гэж ярилцаад тэр ч зөвшөөрсөн. Тэгээд намайг ажилтай байхад Тоёота Карина маркийн машиныг 6.8 саяар авсан байсан. … Ингээд ажлаасаа гараад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хорооллын Төмөр замын 47-28 тоот байрыг эхнэр бид хоёр нэр дээрээ гэрчилгээг бичүүлж авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 116 дугаар хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа №730: Д.Наранцогт нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт /хх-ийн 116 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №4697:

Шинжилгээнд ирүүлсэн тус бүр 15 грамм жинтэй шар өнгийн 4 ширхэг металл гулдмайнууд 99% сорьцтой алтны металл болно гэсэн дүгнэлт /хх-ийн 113 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар.

Шүүгдэгч Д.Наранцогт нь 2011 оны 3-4 дүгээр сард Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нолго” ХХК-ний захирлын биллярдны өрөөний арын 00-ийн өрөөнд төмөр саванд хийж хадгалж байсан 160,000 америк доллар буюу 200.838.400 төгрөг /160000 америк доллар*1255,24 төгрөг=200.838.400 төгрөг/, нэг бүр нь 15 гр жинтэй 9 ширхэг, 135 грамм алтан гулдмайг /135 грамм*56.519,84 төгрөг=7.630.178,4 төгрөг/ хулгайлж, нийт 208.468.578,4 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч П.Батдаваагийн өгсөн мэдүүлэг, гэрч И.Осоржамаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-80х/, Д.Наранцогтоос хураасан эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-27 дугаар хуудас/, Д.Наранцогтоос хураасан алт хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/ Д.Наранцогтын нэр дээр Хадгаламж банкны 10510003572 тоот данснаас 40,495,000 төгрөгийг гаргуулан авч хохирогч П.Батдаваад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-25/ Нонда-СR\/ маркийн 03-72 дугаартай автомашин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-26/ Тоёота Карина маркийн машин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/, болон хавтаст хэрэгт  авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Наранцогт нь нэг хайрцагт 20000 доллар, алт нөгөө саванд нь 100-тын дэвсгэртээр 30000 доллар, 4 гулдмай алт, нийт 50.000 доллар байсан гэж мэдүүлсэн боловч худалдан авсан эд хөрөнгө, гэрч И.Осоржамаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-22 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар  няцаагдаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайжаваас  шүүгдэгч Д.Наранцогт нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлд заасан бусдын гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан  гэж үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан, гээгдсэн эд хөрөнгийг олж авч ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илэрдэг.

Хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  Д.Наранцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй шүүх үзэв.  

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Шүүгдэгч Д.Наранцогтоос хохирогч П.Батдаваад 43.886.190 төгрөгийн хохирлыг төлсөн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Наранцогтоос 164.582.388 төгрөгийг гаргуулан хохирогч П.Батдаваад олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Наранцогтоос битүүмжилсэн 4 ширэмтэй, шилэн тавцантай цахилгаан зуух, гал тогооны ханын иж бүрэн тавилга, том өрөөний буйдан, хувцасны өлгүүр, том өрөөний гэрлийн бүрхүүл, гал тогооны хэсгийн гэрлийн бүрхүүл, угаалгын машин, угаалгын өрөөний босоо душ, КЕН маркийн цахилгаан дрилл, хүүхдийн өрөөний компьютерийн ширээ, номын тавиур, хүүхдийн өрөөний давхар ор, хүүхдийн өрөөний хувцасны шкаф, хүүхдийн өрөөний гэрлийн бүрхүүл, угаалгын өрөөний диван, 2 тумбочикний хамт, унтлагын өрөөний хувцасны шкаф, унтлагын өрөөний гэрлийн бүрхүүл, унтлагын өрөөний тольтой тумбочик, LG маркийн 32 инчийн өнгөт зурагт, эрэгтэй эмэгтэй хос савхин, нэхий дээл, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 47 дугаар байрны 28 тоот орон сууцанд шинээр авч тавьсан тавилга болон цахилгаан бараа, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 47 дугаар байрны 28 тоот орон сууц, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 50 дугаар байрны 108 тоот орон сууц, Сэлэнгэ аймгийн 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 23 тоот хашаа байшин, 03-72 УНО дугаартай Хонда Си Ар Ви /HONDA CR-V/ маркийн машин, 04-49 УБЧ дугаартай Тоёота карина /Toyota Carina/ маркийн автомашин зэргийг хулгайлж авсан мөнгөөр худалдан авсан болох нь тогтоогдож байх тул хохиролд тооцуулахаар  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна. Битүүмжилсэн эд хөрөнгийн нийт үнэлгээ 156.720.000 төгрөг болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.06.21 508 Нийслэлийн шүүх Лувсаншаравын Даваасүрэн Д.Наранцогт 145.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.06 459 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Наранцогт 145.4.