Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-03-15
Дугаар 99
Хэргийн индекс 017/2012/0094/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч И.Ганболд, И.Болдсайхан. Э.Индэрт
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Ц.Алдархишиг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч Н.Нарантуяа, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Батбаяр,

Улсын яллагч: Ц.Алдархишиг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Мөнхзаяа,

Иргэдийн төлөөлөгчид: Х.Баатар, О.Аззаяа, Ч.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийв.

Эрүүгийн хэргийн дугаар  21127572

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Индэрмаагийн Ганболд, Тайж овогт Индэрмаагийн Болдсайхан, Боржигон овогт Энхтөрийн Индэрт нарт холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

.Хотгойд овогт Индэрмаагийн Ганболд: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт СХД-ийн 11 дүгээр хороо АОС 3-11 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. /РД:УГ87051012, ИҮ:УБ1087070/

Тайж овогт Индэрмаагийн Болдсайхан: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн. 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эгч, ахын хамт Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р баг Баруун сайхан 13-17 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009.03.18-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. /РД:УЮ92053117, ИҮ:ӨГ5883196/

Боржигон овогт Энхтөрийн Индэрт: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан- Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмээ, ах нарын хамт Дархан-Уул аймаг 4-р баг 3 шар дэнж 2-18 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. /РД:ТИ88071318, ИҮ:ДА8395626/

Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч И.Ганболд ,Б.Болдсайхан, Э.Индэрт нар нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2007 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Бадамлянхуа” асрамжийн төвийн манаач Д.Дамбадаржааг зодож, гар хөлийг нь хүлж, 165 500 төгрөгний эд зүйл дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Ганболд мэдүүлэхдээ:

Индэрт Ууганаа нартай халаасны хулгай хийдэг байхдаа 2007 онд танилцаж байсан. Ээж 2006 онд өнгөрсөн. Би дүүгээ асрамжийн газар оруулсан. Би хааяа очиж эргэдэг байсан. Нэг өдөр машин хөлсөлж Болдсайхан, Төвшинтөр, Ууганбат, Индэрт, Ганболд бид нар дүүг эргэх гэж явсан. Би мөнгөтэй болчихоод дүүгээ эргэх гэж очсон юм.  Бид эргэж очихдоо хоол, чихэр жимс авч өгөөд орой нь архи уугаад хулгай хийхээр болсон. Дүүгээ Төвшинтөртэй гадаа үлдээсэн. Манаач нь гараад ирэхээр нь түлхээд оруулж хүлсэн. Тэгээд гагнуурын аппаратыг авсан. Энэ хэргийг хийж байхад манай дүү ерөөсөө мэдээгүй. Хятад аппаратыг сансарт КТМС-ын тэнд зэс, хөнгөн цагааныг нь салгаж зарсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Болдсайхан мэдүүлэхдээ:

2007.10.24-нд манай ах над дээр ирсэн. Эргэлтээр ирээд хоол мөнгө өгсөн. Тэгээд намайг ор гэсэн. Энэ гэмт хэргийг үйлдэж байхыг мэдээгүй, би оролцоогүй. Би хашааны гадаа байж байсан. Энэ хүнд зүйл ангиар ял шийтгүүлэх надад үнэхээр харамсалтай байна.  Би авсан зүйлийг нь ч мэдээгүй гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Индэрт мэдүүлэхдээ:

2007.10.24-ний өдөр бид нар очсон. Ганболдын өгсөн мэдүүлэг үнэн. Манаачийг Ганболд бид 2 хүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10, 13-14 хуудас/

Хохирогч Д.Дамбадаржаагийн өгсөн:

”2007.10.23-наас 24-нд шилжих шөнө ажил дээрээ 00-ийн өрөөнд ороод бие засчихаад босоход урдаас 2 банди гарч ирээд намайг барьж аваад гар мушгиад “яаж байнаа өвөөгөө, өвөө чинь гэм хийгээгүй шүү дээ” гэж хэлэхэд юу ч дуугаралгүй өмсөж явсан цамц урагш нь шувт татаж аваад гар хүлсэн, өмдний тэлээ тайлаад хөл хүлсэн. Энэ үед нэг банди нь өшиглөөд байсан. Нэг нь “одоо болноо настай хүн байна үхчихвэл яах юм бэ? Хамар амнаас нь цус гараад байна” гэхэд намайг зодохоо болиод өмд ураад боож ард уяад гараад явсан. Би 00-ийн өрөөнд 30-40 минут орчим хэвтээд өөрөө оролдож байж хүлээсээ тайлаад гарч нэг багшийн гэрт очиж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Би өмнө тэдгээр хүмүүсийн царай зүс, хувцас хунарыг нь хараагүй, 15-16 орчим насны 4 хүүхэд байсан. Хоёр нь арай бага юм шиг байна лээ. Яах ийхийн зуургүй барьж аваад шууд доошоо дарсан учраас харах боломж байгаагүй. Намайг хүлж байхад хажууд байсан нэг хүүхэд нь “таныг дуугарах, хөдөлвөл лоомдоно шүү” гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-25, 82 дугаар хуудас/

Хохирогч Л.Энхтуулын өгсөн:

“ 2007.10.23-наас 24-нд шилжих шөнө ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай “Бадамлянхуа” асрамжийн төвийн манаач Дамбадаржаа гуайг үл таних хүмүүс жорлонд хүлээд амбаарт байсан эд зүйл авч явсан байсан. Би маргааш өглөө нь манаач Дамбадаржаа гуайтай уулзахад “гэнэт хэдэн хүн орж ирээд л жорлонд хүлсэн” гэж байсан. Ингээд тухай үед цагдаагийн байгууллагад хандаж байсан юм. Тухайн үед хохирогчоор манайд ажиллаж байсан Лхамсүрэн гуай ажлаасаа гарсан учраас намайг хохирогчоор ор гэж байгууллагаас томилсон. Манайхаас гагнуурын аппарат, жижиг гар дрилл, 5 кг хадаас, 2 ш газов, цахилгаан хөрөө, бахь, алх, отвёрка, кабель уртасгагч, ком түлхүүр зэрэг эд зүйлс алдагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Гэрч Ч.Наранцацралтын өгсөн:

”...шөнө 02 цагийн орчим гадаа чимээ гархаар нь гайхаад цонхоор харахад гадаа нэг хүн сүүтэгнээд гүйх шиг болохоор нь утсаар цагдаад мэдэгдчихээд хажуу өрөөнийхөө Цогзолмаа багшийг сэрээгээд өрөөнд нь орж хэлээд цонхоороо харахад цайвар өнгийн малгайтай цамцтай малгайг нь өмсчихсөн бараан өнгийн өмдтэй залуухан хүүхэд шиг хүн нэг гартаа жижиг лоом барьчихсан гүйсэн, яг ард нь арай намхан хүн гүйгээд гарсан. 17-18 настай гэмээр банди нар байсан. Тэгээд айгаад гарч чадалгүй сууж байтал удалгүй манаач өвгөн Оюунаа багшийн хамт “ёо ёо” гээд орж ирсэн. Хувцас хунар нь шороо болчихсон. Зүүн хавиргаа дарчихсан, баруун хацар нь шалбарчихсан цус болчихсон байсан. “Намайг зодоод дарж байгаад хүлчихлээ” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Гэрч Л.Цогзолмаагийн өгсөн:

…Лоом барьчихсан 2 залуу хойшоо гүйгээд явсан бид 2 айгаад гарч чадаагүй юм. Тэгээд өрөөндөө сууж байхад манай төвийн галч өвгөн толгойноос нь цус гарсан, хувцас хунар нь урагдаж, шороо тоос, цус болчихсон намайг зодоод дарж байгаад хүлчихлээ гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 40 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15 дугаар хуудас/

Яллагдагч Х.Төвшинтөрийн өгсөн:

”2007.10 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна Ялалт дээр танил халаас ухдаг Ганаатай уулзахад “цуг явъя” гэхээр нь хамт явахад Багшийн дээд сургуулийн орчим “Элентра” маркийн автомашинд Дарханы Эндка, Ууганаа, Ганаагийн дүү, машины жолооч 40 орчим насны ах байсан. Тэгээд машинд суусан чинь Ганаа надад “Яармагт байдаг асрамжийн газрыг дээрэмдье, ах нь мөнгө өгнө” гэж хэлэхээр нь би “тэгье” гэсэн. Нөгөө хэдтэйгээ угаасаа ярьсан байсан юм шиг байлээ. Ганаа утасаа ломбарданд тавьж бид нар архи авч ууцгаагаад Яармагт очиж бас архи ууцгаасан. Жолооч ах машиндаа үлдээд бид 5 цаашаа асрамжийн төв рүү явцгаасан. Тэгээд хашааны завсраар харахад манаач нь 00-хоо өрөө орж байгаа харагдсан. Ганаагийн дүү эхлээд хашаа давж ороод хаалгыг нь онгойлгохоор нь нь бид бөөндөө ороод Ганаа барьж байсан дорцовоор манаачийн нуруу орчимд нэг удаа цохиход манаач унасан. Эндка хажуунаас нь өшиглөсөн. Эндка Ганаагийн дүү бид хоёрыг “та хоёр энд юу хийж байгаа юм бэ? Гарч хүн хар” гэхээр нь бид хоёр гараад хашаан дотор зогсож байсан чинь цонхны хөшигний завсраар хүн хараад байх шиг болохоор нь буцаад хэлэх гээд 00 өрөө рүү ороход манаач өвгөнийг хэвтүүлээд 2 гарыг нь ард нь хүлээд 2 хөлийг нь мөн хүлчихсэн байсан. Манаач хөгшин хүн байсан. Ингээд гараад манаачийн өрөө рүү ороход гагнуурын аппарат, цахилгаан дрилл, барилгын багаж хэрэгсэл зэргийг нь аваад доор жалганы орчим үлдээсэн байсан машин дээрээ очиж оруулж юмаа ачаад Ганаагийн гэрт очиж тавьсан. Тэгээд жолооч ахтай цуг Нарантуул захын хойно байрлах буудалд хоноцгоосон. Маргааш нь Ганаагийн гэрт очоод авчирсан юмнуудаа аваад 100 айл орж Ганаа, Эндка хоёр явж зарсан. Тэр хоёр их мөнгө олсонгүй гээд машины жолооч ахад 50 000 төгрөг өгөөд явуулсан. Надад 25 000 төгрөг өгөөд салцгаасан. Намайг тэд нар “Төөгий” гэж дууддаг байсан. Би энэ хүмүүсийг цуг явж халаас ухдаг байсан тэгээд л таних болсон. Бүгд халаасны хулгайч нар. Ууганаа бол намхан, аль нэг хацарны доод хэсэгт сорвитой, үсээ хажуу тийш нь самнадаг, халимаг үстэй, онигор нүдтэй. Ганааг хүүхдүүд “нулимс Ганаа” л гэж яридаг юм. Уруул уруугаа орсон сорвитой, туранхай дунд зэргийн нуруутай, бор царайтай. Эндка өндөр нуруутай, барзгар нүүртэй, Ганаагийн дүү нь намхан, туранхай надаас намхан биетэй, урьд асрамжийн төвд амьдардаг байсан гэж надад ярьдаг байсан. Ганаа надад ярихдаа манай дүү асрамжийн төвийн доторхийг бүгдийг нь мэднэ. Асрамжийн төвд байдаг байсан. Агуулахад нь ийм, тийм юм байдаг гэж байсан. Бид бүгдээрээ шахуу малгайтай цамц өмссөн байсан. Таны сая харуулсан зурагт Ганаа, Эндка, Ганаагийн дүү мөн байна. Яг хэвээрэ байна. Зургийг нь хараад шууд танилаа. Би тэд нартай Багшийн дээдээр хамт их явдаг байсан. Танилцаад 1 жил гаран болж байсан гэсэн мэдүүлэг / хх 103-110 дугаар хуудас / зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч И.Ганболд, И.Болдсайхан, Э.Индэрт нар нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2007 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадамлянхуа” асрамжийн төвийн манаач Д.Дамбадаржааг зодож, гар хөлийг нь хүлж, 165 500 төгрөгний эд зүйл дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Дамбадаржаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-25, 82 дугаар хуудас/ хохирогч Л.Энхтуулын өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/ гэрч Ч.Наранцацралт, Л.Цогзолмаа нарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/ хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 10, 13-14 хуудас/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 40 дүгээр хуудас/ эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт  авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Болдсайхан нь гэмт хэрэг үйлдэх үед байгаагүй, мэдээгүй гэх боловч яллагдагч Х.Төвшинтөрийн өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.   

Иймд шүүгдэгч И.Ганболд, И.Болдсайхан, Э.Индэрт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бусад байдлын талаар:

Улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгч нар нь 175.500 төгрөгний хохирол учирсан гэснийг 165.500 төгрөг болгон зөвтгөв.  

Шүүгдэгч И.Ганболдоос 41.375 төгрөг, И.Болдсайханаас 41.375 төгрөг, Э.Индэртээс 41.375 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Л.Энхтуулд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч И.Болдсайхан нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 1-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор 4 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57-р зүйлд заасныг баримтлан шийдвэрлэсэн болно.

 Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.