Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-06-18
Дугаар 106
Хэргийн индекс 301/2013/0106/Э/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Төмөрхүүгийн Батжаргал
Шүүгдэгч Л.Батболор, Б.Эрдэнэбаяр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Л.Отгончимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

2013 оны 06 дүгээр                                             Дугаар 106                                           

сарын 18-ны өдөр

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батсайхан

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч Л.Батболор, Б.Эрдэнэбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Батбаярын Эрдэнэбаяр, Бэсүд овогт Лхагвасүрэнгийн Батболор нарт холбогдох 201322000048 дугаартай хэргийг 2013 оны 5 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Бэсүд овогт Лхагвасүрэнгийн Батболор, 1987 оны 6 сарын 11-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 багийн 7-13 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РЛ87061114 регистрийн дугаартай.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Тайж овогт Батбаярын Эрдэнэбаяр, 1989 оны 7 сарын 31-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс хотгойд, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 багийн 3-11 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РГ89073113 регистрийн дугаартай.  

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Л.Батболор нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Л.Батболор нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2012 оны 01 сарын 26-27-ны хооронд Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг Ганц модны ам гэх газраас иргэн Б.Пүрэвдоржийн хар зүсний морийг хулгайлж 750.000 төгрөг, мөн газраас иргэн Б.Эрдэнэбатын цагаан шарга зүсний морийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 

шүүгдэгч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2013 оны 01 сарын 26-ны өглөө 10 цагийн үед би мотоциколтойгоо Батболорынд очсон. Батболор бид хоёр 3 хоногийн өмнө хөдөө явж хулгай хийе гэж ярилцсан. Нисэхийн зам өгсөж яваад урагшаа явсан замаар салаад Гонгоон гарам гэх газраар гол гарч цааш явсан. Гол дээр очиж нэг шил архи хоёулаа хувааж уусан. Харуй бүрий болохоор нь цаашаа явж байгаад Хар үзүүр гэх газарт хэсэг адуу байхыг хараад дээвэргүй малын хашаанд авчирч хашиж байгаад хар зүсний, цагаан зүсний хоёр морийг ременен уяагаар бугуйл хийж барьж авсан. Ремений тасархайгаар ногт хийгээд би нэг морийг нь зайдан унаж нөгөөг нь хөтөлж Мөрөнгийн гол руу орж ирсэн. Батболор мотоцикль унаж явсан. Морьдыг Мөрөнгийн ойролцоо эмнэлгийн дээд тал руу голын цаана хээр нядалсан. Нядалж дуусаад мах арьсыг нь голын наад эрэг дээр зөөвөрлөж гаргаж ирээд би Мөрөнгийн төв рүү орж такси авчрахаар явсан. Өгөөж ХҮТөвийн урдаас цагаан өнгийн Эксель машиныг авч гол дээр ирсэн. Махаа ачаад 1-р хороонд Батболорын таньдаг ченж Цогоо гэх айлд очиж махаа 600,000 төгрөгөөр өгч, мөнгөө 300.000 мянгаар нь Батболор бид хувааж авсан. Би 300,00 төгрөгөө эхнэртээ мотоциклио зарчихлаа гэж хэлээд өгсөн. Энэ мөнгөөр цагаан сарын зүйл бэлтгэсэн гэх мэдүүлэг,    

шүүгдэгч Л.Батболорын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эрдэнэбаяр бид хоёр хоёулаа архи уугаад Бүрэнтогтох сум руу яваад ирье гэж ярилцаад Эрдэнэбаярын мотоциклиор Бүрэнтогтох сум руу гарч яваад гүвээ даваад адуу байхаар нь хашаанд аваачиж хашиж байгаад барьж авсан. Цагаан, хар хоёр морь барьж авсан. Ингээд Эрдэнэбаяр хоёр морийг, би мотоциклийг унаж Мөрөн сум руу ирсэн. Мөрөнгийн голын зах дээр нядалчихаад Эрдэнэбаяр мотоциклио унаж яваад такси олж ирсэн. Махыг 600,000 төгрөгөөр өгсөн. Арьсыг нь хамт өгсөн. Мөнгийг нь Эрдэнэбаяр бид хоёр хувааж аваад үрээд дуусгачихсан гэх мэдүүлэг, 

хохирогч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: 2013 оны 01 сарын 24-27-ний хороонд Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг болох Ганц модны ам гэх газраас бэлчээрээс адуун дотроосоо хар зүсний морь, Эрдэнэбаатар гэх хүний цагаан шарга зүсний морьтой хамт алдсан. Мотоциклтой хүмүүс очиж Бямбаа гэх хүний хаваржааны хашаан дээр хашиж байгаад авч явсан байсан. Энэ хоёр морины мах, арьсыг Мөрөн суманд ченжид өгсөн байсныг хөөцөлдөж мах, арьсыг нь олж авсан. Манай хоёр адууны махыг жинлэж үзэхэд 209,7 кг болсон. Адууны мах, арьсны үнэ 304.000 төгрөг болсон. Үлдэгдэл 446.000 төгрөгийн хохирлоо төлүүлж авсан. Надад ямар нэг санал хүсэлт, гомдол байхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

хохирогч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: …Пүрэвдоржоос мах, арьсны мөнгө 280,000 төгрөг авсан. Үлдэгдэл 220,000 төгрөгийн хохирлыг Л.Батболор, Б.Эрдэнэбаяр нараас төлүүлж авсан. Хохирлоо төлүүлж авсан тул надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

гэрч Д.Цогтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2013 оны 01 сарын 27-ний орчим болов уу. 11 цагийн үед 2 гуя нь дутуу 2 адууны мах арьстай нь авчирч зарсан. Би махыг нь 200 кг тооцож 3,000 төгрөгөөр бодож 600,000 төгрөгөөр авсан. Цагаан, хар хоёр зүсний 2 адууны шир байсан. Энэ хоёр арьсны мөнгийг өгөөгүй. Адууны гарал үүслийн бичгийг авчирч үзүүлээд арьсныхаа мөнгийг аваарай гэсэн. Зах дээр явж байхад Бүрэнтогтох талын зүс хальт таних нэг залуу морь мал алдсан тухай ярьж байсан. Би адууны мах зарна гэж ярихад тэр хоёр арьсыг нь очиж үзье гээд явсан. Маргааш нь тэр хоёр адууны арьс чинь манай ахын алдсан адууны шир байна гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22-р хуудас/,

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-р хуудас/, мах, арьсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 52-54-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Л.Батболор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 47, 51-р хуудсан дах ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулж, дээрх хөнгөрүүлэх болон хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Хохирогч Б.Пүрэвдорж, Б.Эрдэнэбаатар нарын хх-ийн 15, 18-р хуудсанд өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, баримт бичиг шүүхэд ирээгүйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2013 оны 02 сарын 22-ны тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Эрдэнэбаярын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

    Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

 

 

 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Тайж овогт Батбаярын Эрдэнэбаяр, Бэсүд овогт Лхагвасүрэнгийн Батболор нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Л.Батболорын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярт оногдуулсан 2 жил, шүүгдэгч Л.Батболорт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Л.Батболорт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Л.Батболор нарт хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Б.Эрдэнэбаярын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлогод оруулсугай.  

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиг шүхэд ирээгүйг, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Л.Батболор нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.БАТЖАРГАЛ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.