Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-08
Дугаар 59
Хэргийн индекс 301/2013/0059/Э/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Төмөрхүүгийн Батжаргал
Шүүгдэгч Л.Цогтбаяр
Зүйл хэсэг 258.1. - Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх
Улсын яллагч Г.Даваахүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

2013 оны 04 дүгээр                                             Дугаар 59                                             

сарын 08-ны өдөр

 

 

Хөвсгөл аймаг дах сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батсайхан

Улсын яллагч Г.Даваахүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг

Хохирогч А.Золбоо

Шүүгдэгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Баахалж овогт Лхагвасүрэнгийн Цогтбаярт холбогдох 201322000081 дугаартай хэргийг 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баахалж овогт Лхагвасүрэнгийн Цогтбаяр, 1981 оны 6 дугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл ганцаараа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РЖ81061818 регистрийн дугаартай.

Шүүгдэгч Л.Цогтбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Цогтбаяр нь тус шүүхийн 2007 оны 12 сарын 03-ны өдрийн 1281 тоот шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн 2 хүүхдэд төлбөл зохих тэтгэлэг 4,220,600.0 төгрөгийг төлөөгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь 

Шүүгдэгч Л.Цогтбаярын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүлэгт өгсөн: 2007 оны 12 сард шүүхээр ороод эхнэр, хоёр хүүхдээсээ салсан. Тэгээд хоёр хүүхдийн тэтгэлэг төлөхөөр болсон. Миний бие 2008 оны дуустал хүүхдийн тэтгэлэг төлсөн тэрнээс хойш ямар нэг төлбөр хийж чадаагүй. Би өөрийн гэсэн мал эд хөрөнгө байхгүй. Хүүхдийн тэтгэлэгийг төлнө. Өвчний учир Улаанбаатар хотод эмчилгээнд явж байгаад ирсэн. Цаашид өөрийн хэмжээгээр төлж барагдуулна, өөрийн буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг,

Хохирогч А.Золбоогийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2004 оны 9 сарын 30-нд тус сумын иргэн Л.Цогтбаяр гэх хүнтэй гэр бүл болж 3 жил гаран амьдарсан. 2007 оны 12 сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхээр орж гэр бүлээ салгасан. Хоёр охиноо өөрийн асрамжид үлдээж Цогтбаяраас сар болгон тэтгэмж хоёр охиндоо авч байхаар шүүхийн шийдвэр гарсан. 2008 оноос хойш ямар нэгэн тэтгэмж хийхгүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандсан. Одоо Цогтбаяраас хүүхдийн тэтгэлэг төлөөгүй хугацааны төлбөр 4.220.600 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг, 

Гэрч Б.Гансүхийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2008 оны 12 сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Л.Цогтбаяраас А.Золбоод хоёр хүүхдийн тэтгэлэг төлөхөөр гарсан шийдвэрийг манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилчид хариуцан ажилладаг. Цогтбаяраас 2007-2008 оныг дуустал хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулсан. Түүнээс хойш 2009-2013 оныг гартал ямар нэгэн төлбөр хийгээгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар өөрөө сайн дураараа төлөх санал хүсэлт гаргаагүй шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг үл тоосон байдалтай байгаа учир Прокурорын газарт хандсан гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012.12.06-ны 1/295 ?…Л.Цогтбаяр нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг үл хүндэтгэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хүүхдийн тэтгэлэг төлөөгүйн улмаас 2 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар уулзаж тэмдэглэл хөтлөхөд хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, шоронд чинь явъя, хуульчаас зөвлөгөө авна, эхтэйгээ ярилцана гээд төлөхгүй явсаар 4 жил өнгөрсөн байна. Иймд Л.Цогтбаярыг эрүүгийн хариуцлагад тооцож өгнө үү?  тоот /хх-ийн 5-р хуудас/, Хөвсгөл аймаг дах Сум дундын шүүхийн 2007.12.03-ны 1281 тоот шийдвэр /хх-ийн 7-р хуудас/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 8-9-р хуудас/, щийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх тухай мэдэгдэл /хх-ийн 10-13-р хуудас/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар                                                                                                                                                                                                                                             нотлогдон тогтоогдож байх тул Л.Цогтбаярыг шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч хохирогч А.Золбоо нь шүүгдэгч Л.Цогтбаярт сайн дураараа эвлэрэх хүсэлтийг шүүх хуралдаанд өөрөө бичгээр гаргасан, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч Л.Цогтбаяр нь  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан үндэслэлээр Л.Цогтбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй нь хх 44-р хуудсан дах ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих 4.220.600 төгрөгийг 2013 оны 4, 5 сард хувааж багтаан төлөхөөр хохирогчтой эвлэрсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

 

 

 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ  НЬ:

1.Шүүгдэгч Баахалж овогт Лхагвасүрэнгийн Цогтбаярыг шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71  дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Л.Цогтбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч хохирогчтой хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих 4.220.600 /дөрвөн сая хоёр зуун хорин мянга зургаан зуу/ төгрөгийг 2013 оны 4, 5 дугаар саруудад багтаан төлөхөөр тохиролцон эвлэрснийг дурьдсугай.  

4.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Цогтбаярт  авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Л.Цогтбаяр болон хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

           

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Т.БАТЖАРГАЛ    



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.