Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-10
Дугаар 399
Хэргийн индекс 018/2013/0410/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Баасанжавын Зориг
Шүүгдэгч Б.Тэнгэр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Ганчанга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Зориг даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Оюунбилэг,

улсын яллагч Д.Ганчанга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тэнгэрт холбогдох 201301051194 дүгээр хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эцэг, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 44 дүгээр гудамжны 580 тоотод оршин суух, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, УУ91112734 дүгээр регистртэй, Боржигон овогт Батболдын Тэнгэр.

 

Үйлдсэн хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/;

 

“Боржигон овгийн Батболдын Тэнгэр нь 2013 оны 07 дугаар сарын 06-ны орой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 9-441 тоотод оршин суугч Т.Бямбацэндын гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн Тошиба маркийн LCD зурагт, мөн сервантны доор шургууланд байсан Самсунг маркийн гар утас, кабелын удирдлага зэрэг 255.000 мянган төгрөгийн эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 2-29 тоот хашаанд Р.Долгорын гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж 310.000 төгрөгийн эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 12 хороо Булгийн 8-437 тоотод Д.Нарангэрэлийн гэрийн үүдэн талын цонхны хамгаалалт торыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж 125.000 төгрөгийн эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр давтан үйлдлээр ЧД-ийн 12 хороо Булгын 9-476 тоотод оршин суугч Ю.Цогтбаярын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 650.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр давтан үйлдлээр Чингэлтэй дүүрийн 17 дугаар хороо Баянхайрханы 7-86 тоотод оршин суух Алтансүхийн гэрт хууль бусаар нэвтрэн орж авдар дотроос шинэ 38 размерын орос хором гутал, дунд гарын мөнгөн аяга нэг 1 ширхэг, шаазан Энх-Амгалан хааны баримал зэрэг бусдад 465.000 мянган төгрөгийн эд зүйлийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг”-т холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт;

 

Шүүгдэгч Б.Тэнгэр мэдүүлэхдээ: “Одоо энэ холбогдоод байгаа таван үйлдлийг би ганцаараа үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр Бэлхийн зуслангийн тэндээс нэг айлаас орж хулгай хийж байгаад телевизорыг нь хагалсан тийм үйлдэл байгаа. Хамт нэгтгэн шийдвэрлүүлмээр байна” гэв. 

 

            Шүүх хуралдаанаар улсын яллагч болон өмгөөлөгч нар дараахь нотлох баримтуудыг уншиж сонсгох, гэрэл зургийг оролцогч нарт харуулах замаар шинжлэн судлав. Үүнд: 

 

            Нэг: Хохирогч Т.Алтансүхийн: “2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгаас гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаар гэр хоёрын завсар байх зайгаар хулгай орсон бололтой гэрийн хаалгыг галын хайчаар эвдээд хулгайч дотогш орсон байсан. Тэгээд гэрт ороход хамаг юм онгичоод хаясан байсан. Авдар дотроос шинэ 38 размерын орос хором гутал, дунд гарын мөнгөн аяга нэг 1 ширхэг зэрэг эд зүйл авсан байсан. Мөн авдар дээр байсан шаазан Энх-Амгалан хааны баримлыг хулгайлан авсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дугаар тал/,

 

Дээрх хохирогчийн эд зүйлийг Үнэ тогтоох комиссоос нийт 465.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хэргийн 54 дугаар тал/,

 

Хоёр: Хохирогч Ю.Цогтбаярын: “2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байгаад 14 цагийн үед гэрээ цоожлоод Сансар орж хамт ажилладаг залуутай уулзаж ажлын талаар ярьж байгаад 16 цагийн үед түүнээс салаад 17 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг хуу татаад хулгай орсон байсан. Манайхаас 43 инчийн Самсунг маркийн плазма зурагт, бор шаргал өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйл алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/,

 

Дээрх хохирогчийн алдагдсан эд хөрөнгийг 650.000 төгрөгөөр үнэлсэн Чингэлтэй дүүргийн Үнэлгээ тогтоох комиссын үнэлгээ /хэргийн 51 дүгээр тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 13-15 дугаар тал/,

 

Хэргийн газраас бэхжүүлж авсан сэжиг бүхий гарын хээний зарим нь Батболдын Тэнгэрийн зүүн гарын эрхий хуруугаар дарагдсан болохыг тогтоосон Криминалистикийн шинжээчийн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/316 дугаар дүгнэлт, хавсралт /хэргийн 39-50 дугаар тал/,

 

Хохирогч Ю.Цогтбаярт 43 инчийн Самсунг маркийн зурагтыг бор шаргал өнгийн орны бүтээлгийн хамт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 21-22 дугаар тал/,

 

Гурав: Хохирогч Р.Долгорын: “2013 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед би гэрийнхээ хаалгыг зүүдэг хятад цоожоор цоожлоод гараад явсан. Тэгээд орой 18 цагийн үед цагийн ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн хулгай орсон байсан. Манай гэрээс ягаан өнгийн орны бүтээлэг, мөн Пилипс /Philips/ маркийн 32 инчийн ЭлСиДи /LCD/ зурагт алга болсон, уг зурагтыг 2013 оны 6 дугаар сард Номин Их дэлгүүрээс 398.000 төгрөгөөр худалдаж авсан. ягаан өнгийн орны бүтээлгийг япон дэлгүүрээс 20.000 төгрөгөөр авч байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар тал/,

 

Хохирогч Р.Долгорын алдагдсан эд зүйлийг 310.000 төгрөгөөр үнэлсэн Үнэ тогтоох комиссын үнэлгээ /хэргийн 52 дугаар тал/,

 

Хэргийн газарт 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үзлэг хийсэн мөрдөн байцаагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-20 дугаар тал/,

 

Дөрөв: Хохирогч Т.Бямбацэндийн: “2013 оны 7 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай том өрөөний сервант дээр байсан 32 инчийн Тошиба маркийн LCD зурагт сервантны доор шургууланд байсан эвдэрхий Самсунг маркийн гар утас зэрэг маань алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар тал/,

 

Дээрх эд зүйлийг 255.000 төгрөгөөр үнэлсэн Үнэлгээний комиссын үнэлгээ /хэргийн 53 дугаар тал/,

 

Тав: Хохирогч Д.Нарангэрэлийн: “2013 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 хороо Булгийн 8 дугаар гудамжны 437 тоотоос гэрийн үүдэн талын цонхны хамгаалалт торыг эвдэж вакум цонх түлхэн онгойлгон орж шкафан дотор байсан эмэгтэй хүний куртик, булгайн малгай, эмэгтэй эсгий малгай зэргийг хулгайд алдсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дугаар тал/,

 

Эдгээр эд зүйлийг нийт 125.000 төгрөгөөр үнэлсэн Үнэлгээний комиссын үнэлгээ /хэргийн 55 дугаар тал/,

 

Цагдаагийн алба хаагч С.Соёмбын: “2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би албан үүргээ гүйцэтгэж явж байхад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 9 дүгээр гудамжнаас улаан хүрэн өнгийн одъяланд ороосон овор ихтэй эд зүйл авч явж байсан залуу таарсан. Сэжиг бүхий байдалтай болохоор нь очиж шалгахад 43 инчийн Самсунг плазма маркийн хар өнгийн зурагт авч явж байсан. Тэгээд би өөрийн албан тушаалыг танилцуулж бичиг баримтаа үзүүлээд цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирж тодруулахад айлаас хулгай хийсэн гэдгээ хэлсэн” гэсэн гэрчийн мэдүүлэг /хэргийн 34 дүгээр тал/,

 

Цагдаагийн алба хаагч Б.Буянжаргалын: “...тэр хаягуудыг Тэнгэр гэдэг залуу өөрөө зааж өгсөн. Би зааж өгснийх нь дагуу явсан. Эхлээд 17 дугаар хорооны Баянхайрханы тэнд очоод жаахан будилж байгаад замын доод тал руу жалга гараад нэг айлын хашаа заагаад эндээс зурагт авсан гэж хэлсэн. Уг айлд нэг эмэгтэй байсан Соёмбо дэслэгч уулзаж байх шиг байсан. Тэр айлын хаяг нь 17 дугаар хороо Баянхайрханы 7-86 тоот хаяг байсан. Дараа нь уулынхаа баруун энгэр рүү өгсөөд хашаагүй задгай гэрийн гадаа очсон. Уг айлын гэрээс хромон гутал авсан гэж байсан. Уг айл цоожтой эзэнгүй байсан. Тэгээд тэндээс уруудаад төв рүү орж хэлтсийнхээ баруун талын гудамжаар дээшээ өгссөн. Хаяг нь 13 дугаар хороо Сургуулийн 9-441 тоот гэж би санаж байна. Тэгээд цааш яваад арынх нь гудамж руу ороод хойшоо харсан нэг хаалга байсан. Хаягийг нь үзэхэд 12 дугаар хороо Булгийн 8-437 тоот айл байсан” гэсэн гэрчийн мэдүүлгийн хэсэг /хэргийн 35 дугаар тал/,

 

Цагдаагийн алба хаагч Б.Батцолмоны: “2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед хэлтэс рүүгээ орох гээд явж байтал өөдөөс нэг банди миний мөрийг мөрлөөд хажуугаар хурдтай гүйгээд гараад явсан. Тэгтэл конторын цагдаа Тамир хөөе хүн зугтаасан Цоомоо бариад ав гэсэн. Тэгээд би араас нь хөөж байгаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны байрны хажуугаас Тэнгэрийг барьж авсан. Тэгээд чиглэлийн ахлах төлөөлөгчийн өгсөн үүргийн дагуу жолооч цагдаа Б.Буянжаргал, эрүүгийн төлөөлөгч С.Соёмбо нарын хамт хулгай хийсэн гэх газруудаар айлуудын хаяг заалгаж шалгалт хийж ажилласан” гэсэн гэрчийн мэдүүлэг /хэргийн 36 дугаар тал/,

 

            Цагдаагийн алба хаагч Н.Тамирын: “2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн хэлтэст конторын дэг журам сахиулах цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. 14 цагийн үед эрүүгийн төлөөлөгч дэслэгч С.Соёмбо зурагт тэвэрсэн этгээдийг дагуулж орж ирсэн. Тэгээд надад энэ хүнийг түр харж байгаач даргад танилцуулаад ирье. Зурагт хулгай хийсэн хүн байгаа юм шүү гэж надад хэлсэн. Тэгээд уг этгээд сандлын хажууд зогсож байснаа гэнэт зугтаасан. Тэгээд хаалгаар гараад гүйхээр нь би араас нь гүйсэн. Тэр үед дэслэгч Батцолмон надтай хамт гүйж уг этгээдийг 13 дугаар хорооны байрны үүднээс Батцолмон дэслэгч бид хоёр барьж авсан” гэсэн гэрчийн мэдүүлэг /хэргийн 37 дугаар тал/,

 

            Шүүгдэгч Б.Тэнгэрийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мэдүүлсэн мэдүүлгүүд /хэргийн 65-69 дүгээр тал/,

 

            Шүүгдэгч Б.Тэнгэрийн ял шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбар, суллагдсан тухай справка /хэргийн 70-78 дугаар тал/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.    

           

Шүүгдэгч Б.Тэнгэр нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсаны дараахь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцогдох хугацаандаа нийт 5 удаагийн хулгайн давтан үйлдлээр буюу 2013 оны 7 дугаар сарын 06-ны орой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 9 дүгээр гудамжны 441 тоотод оршин суух хохирогч Т.Бямбацэндийн гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн Тошиба /Toshiba/ маркийн элсиди /LCD/ зурагт, Самсунг /Samsung/ маркийн гар утас, кабелийн удирдлага зэрэг 255.000 төгрөгийн эд зүйл, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 2 дугаар гудамжны 29 тоотод оршин суух хохирогч Р.Долгорын гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, пилипс /Philips/ маркийн 32 инчийн элсиди /LCD/ зурагт, ягаан өнгийн орны бүтээлэг зэрэг 310.000 төгрөгийн эд зүйл, 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 хороо Булгийн 8 дугаар гудамжны 437 тоотод оршин суух хохирогч Д.Нарангэрэлийн гэрийн цонхны хамгаалалт торыг эвдэж хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний куртик, булгайн малгай, эмэгтэй эсгий малгай зэрэг 125.000 төгрөгийн эд зүйл, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 хороо Булгын 9 дүгээр гудамжны 476 тоотод оршин суух хохирогч Ю.Цогтбаярын гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 43 инчийн Самсунг /Samsung/ маркийн плазма зурагт, бор шаргал өнгийн орны бүтээлэг зэрэг 650.000 төгрөгийн эд зүйл, 2013 оны 7 дугаар сарын 18-ны Чингэлтэй дүүрийн 17 дугаар хороо Баянхайрханы 7 дугаар гудамжны 86 тоотод оршин суух хохирогч Т.Алтансүхийн гэрт хууль бусаар нэвтэрч 38 размерын орос хромон гутал, дунд гарын мөнгөн аяга, Энх-Амгалан хааны шаазан баримал зэрэг 465.000 төгрөгийн эд зүйлийг тус тус хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Бямбацэнд, Р.Долгор, Д.Нарангэрэл, Ю.Цогтбаяр, Т.Алтансүх нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөн байцаагчийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээнүүд, гэрч С.Соёмбо, Б.Буянжаргал, Б.Батцолмон, Н.Тамир нарын мэдүүлэг, криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.Тэнгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Үнэлгээ тогтоох комиссын үнэлсэн хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй бөгөөд хохирогч Ю.Цогтбаяр нь алдагдсан эд зүйлээ буцаан авсан байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Тэнгэрт ял шийтгэхдээ урьд шүүхээр хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ял шийтгэлгүйд тооцох хугацаа болоогүй байхдаа давтан хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлж шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгчийн мэдүүлж байгаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өөр хулгайн гэмт хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа гэх боловч энэ талаарх баримт, хүсэлт шүүхэд ирээгүй, тухайн үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэх эсэх, түүнийг нь шүүгдэгч Б.Тэнгэр үйлдсэн эсэх зэрэг нь тодорхойгүй байгаа тул хэргийг буцаах үндэслэл болж чадахгүй байна.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.23 101 Нийслэлийн шүүх Дагвын Оюунчулуун Б.Тэнгэр 145.2.