Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-08
Дугаар 527
Хэргийн индекс 015/2013/0525/э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Сүрэнхүүгийн Аюушжав
Шүүгдэгч Л.Энхжаргал
Зүйл хэсэг 153.1. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
Улсын яллагч И.Ариунсанаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

    Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхболд

улсын яллагч И.Ариунсанаа

хохирогч Т.Эрдэнэтуяа

     шүүгдэгч Л.Энхжаргал түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн /ҮД:0-126/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Лхагвадуламын Энхжаргалд холбогдох эрүүгийн 201301032028 дугаартай, 015/2013/0525/Э индекстэй хэргийг 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

    Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын үндэсний дээд сургуулийн 2Б ангий оюутан, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын  51-15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Лхагвадуламын Энхжаргал /НХ90051902/

 

    Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Л.Энхжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 01-66 тоотод оршин суух Т.Эрдэнэтуяагийн байрны нэг өрөөг түрээслэдэг бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 11-12 нд шилжих шөнө согтуурсан үедээ хохирогч Эрдэнэтуяагийн самсунг маркийн 42 инчийн LED  телевизорыг унагаж хаалганы шилийг хугалж, шкаф  жааз зэргийг цөмөлж эвдэн хөргөгчинд байсан хоол хүнсийг  цацах зэргээр эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээн 849.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

- хохирогч Т.Эрэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд 3 цагийн үед нөгөө таксины жолоочийн хамт гэртээ орох гээд гэртээ орц руугаа ороод 6 давхарт гартал Ундармаа нэг залуутай зогсож байсан. Тэгээд чи яагаад наанаа зогсож байгаа юм бэ гэтэл Ундармаа Энхжаргал эгч гэрт оруулахгүй байна гэхээр нь би цүнхнээсээ түлхүүрээ аваад  хаалгаа онгойлготол манай гэрийн хамаг  эд зүйлийг бусниулсан байдалтай байсан.Тэгээд би Энхжаргалын өрөө рүү шагайтал хамаг эд зүйл тараагаад хаячихсан байна гараад ир гэтэл Энхжаргал надруу дайраад байхаар нь би цагдаа дуудсан. 42 инчийн самсунг телевизорын нүүр хагарч суурь нь хугарсан, гэр бүлийн жааз, том өрөөний хаалганы шил, гал тогооны хаалганы шил, шкафны хажуу талыг цөмөлж цохисон, хөргөгчний лотор байсан хүнсний зүйл болох кола ундаа 10 ш шилтэй мөөг 1ш,савтай кимчи 1ш,савтай жан 1ш,муурны хоол 1ш,нийт 866 000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн мэдүүлэг  /хх-н 17 -18 хуудас/

 

        - гэрч Бат-Оршихын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:...Ундармаа хүнд зодуулчихлаа гээд  уйлаад байсан. Удалгүй гэрийн дотор талд шил хагарах чимээ гарахаар нь Ундармаа гэрийнхээ хаалгыг онгойлгох гэтэл түлхүүрээ мартчихсан тул хаалга онгойлго гэтэл эгч Энхжаргал хаалга онгойлгож өгөөгүй  гэсэн мэдүүлэг /хх-н  21 хуудас/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-н  41 хуудас/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7- 11, 44 -50 хуудас/

-Яллаглагч Л.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:....

Эрдэнэтуяа, Ундармаа бид гурав 23 цагийн үед  гэрээс гартал манай байрны үүдэнд 4 5 залуучууд архи уугаад сууж байсан. Тэгээд би тэр хоёроос түрүүлээд нөгөө залуучуудын уруур гараад явтал намайг нөгөө залуучуучууд янхан гичии гээд элдвээр доромжлоод байхаар нь би эргэж хараад юу гээд байгаа юм бэ гэтэл нөгөө залуучууд чамайг юу гэж хэлсэн ч яадаг юм гэхээр нь би очоод юу гээд байгаа юм бэ гээд хэрэлдтэл миний нүүрийг гараараа түлхээд үснээс зулгаагаад тэр залуутай маргалдаж байтал орцноос Эрдэнэтуяа Ундармаа 2 гарч ирээд Ундармаа намайг хараад болиоч гээд гүйгээд иртэл Эрдэнэтуяа эгч хараад зогсоод  байхаар нь цагдаа дуудаарай гээд орилтол алга болчихсон байсан. Тэгээд тэр залуучууаас салаад Ундармаа бид 2 гэртээ орсон.Тэгээд Эрдэнэтуяа гэртээ байхгүй болохоор нь  түрүүний залуучуудтай маргалдаж байхад хаяад явсанд уур хүрээд том өрөөний шилийг хагалтал Ундармаа сонсоод гаднаас орох гээд хаалга нүдэхээр нь би хаалга онгойлгож өгөлгүй том өрөөнд ороод хөргөгчинд байсан эд зүйлийг газраар цацаж хаяад телевизорыг нь газар хөмрөөд унагаачихсан шүүгээний нүдийг татаж дотор нь байсан эд зүйлсийг газраар цацаж хаяад гал тогооны хаалганы шилийг хагалж хөргөгчин дотор байсан эд зүйлийг газраар цацсан гэсэн мэдүүлэг /32-33/

-Шүүгдэгч Л.Энхжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34 хуудас/

-Сургуулийн тодорхойлолт /хх- н 36 хуудас/

Хохирогч Т.Эрдэнэтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгт:.....Тухайн өдөр би найзтайгаа пиво уучихаад гэртээ ирсэн. Намайг орж ирэхэд дүү нь пиво авах гэж байна гээд зөрөөд гарсан. Би шүүгдэгч болон түүний дүүтэй цуг пиво уугаагүй. Намайг шүүгдэгч өөрөө гарч шөнийн цэнгээний газар орох уу гэж шалгаасан. Тэгээд шүүгдэгч түрүүлж гараад би араас нь хувцас хунараа өмсөөд гэрээ түгжээд дүүтэй нь хамт гартал шүүгдэгч нилээн олон залуучуудтай маргалдаад орилж чарлаад байсан чинь нөгөө залуучууд нь шүүгдэгчийг яваачээ, зайлаач гичий гээд хэл амаар доромжлоод хоорондоо маргалдаад байхаар нь би өөрсдөө учраа олог гээд таксинд суугаад явж байгаад замдаа нөгөө таксины жолоочтой танилцаад цуг пиво ууж байгаад шөнийн 03 цагийн үед гэртээ иртэл дүү нь гадаа нэг залуутай уулзаад зогсож байсан. Би дүүг нь чи яагаад гэртээ орохгүй байгаа юм гэхэд эгч оруулахгүй байна гээд байсан. Би гэртээ ороод иртэл шүүгдэгч гэрийн эд зүйлийг эвдэлсэн байсан. Би шүүгдэгчийг яаж байгаа юм бэ? гэхэд над руу уурлаад намайг маажсан. Тэгээд би цагдаа дуудаад шүүгдэгчийг баривчлуулсан. Хохирлыг минь барагдуулчих юм бол гомдол санал байхгүй. Шүүгдэгч надаас уучлалт гуйгаагүй гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/

 

үүгдэгч Л.Энхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:.....Би дүүтэйгээ хамт хохирогчийн халаасны өрөөг түрээслээд хагас сар болж байсан. Хэрэг гардаг өдөр би дүүтэйгээ гаднаас орж ирээд хоолоо хийгээд байж байтал хохирогч орж ирсэн. Тэгээд хамтдаа пиво уух уу гэсэн. Тэгээд бид 3 пиво уугаад сууж байхад хохирогч 3-лаа цуг шөнийн цэнгээний газар орох уу гээд гуйгаад  байхаар нь цуг гарахаар болсон. Би нилээн согтсон байсан. Хохирогч болон манай дүү 2 араас гарч ирсэн. Би түрүүлээд гартал орцны үүдэнд нилээн олон залуучууд намайг хэл амаар доромжлоод байхаар  нь миний уур хүрээд нөгөө залуучуудыг юу гээд байгаа ют гэтэл нэг нь намайг үгийн зөрүүгүй цохисон. Тэгтэл араас хохирогч гарч ирэхээр нь би цагдаа дуудаарай гэхэд над руу харж инээгээд юун сүртэй юм гээд нэг таксинд суугаад яваад өгсөн. Манай дүү намайг салгах гэж байгаад толгойгоо  хагалуулсан. Бид 2 буцаж ороод цусаа угаасан. Энэ үед манай дүү найз залуугаа дуудсан байсан болохоор гараад явсан. Тэр хооронд хохирогчийг цагдаа дуудахгүй намайг тавлаж инээж байсныг нь бодоод уур хүрээд гэрийнх нь эд зүйлсийг эвдэлсэн. Хохирогч ер нь сонин ааштай хүн болохоор  өмнө нь намайг харанхуй шөнөөр ямар ч мөнгөгүй гадаа хаяж байсан. Миний цалин бууж амжаагүй болохоор төлж чадаагүй.  Надад 7 хоногийн хугацаа олговол хохирлыг бүрэн барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулагдаж бэхжигдсэн байх ба хохирогч, гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, эргэлзээгүй, шүүгдэгчийн мэдүүлэг хохирогч гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүх үнэн зөв хэрэгт ач холбогдолтой гэж дүгнэн шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Л.Энхжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 01-66 тоотод оршин суух Т.Эрдэнэтуяагийн байрны нэг өрөөг түрээслэдэг бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 11-12 нд шилжих шөнө согтуурсан үедээ хохирогч Эрдэнэтуяагийн самсунг маркийн 42 инчийн LED  телевизорыг унагаж хаалганы шилийг хугалж, шкаф  жааз зэргийг цөмөлж эвдэн хөргөгчинд байсан хоол хүнсийг  цацах зэргээр эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Энхжаргалын дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. Иймд шүүгдэгч Л.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял шийтгэгдэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Л.Эрдэнэтуяагийн эд зүйлд 849 000 төгрөгийн  хохирол   учруулсан бөгөөд шүүгдэгч Л.Энхжаргалаас гаргуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа хэдий ч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, гэм хор арилаагүй байдал зэргээс түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжгүй, мөн хохирол төлбөр төлөөгүй өөрийн гэсэн тогтмол орлого, хөрөнгөгүй тул түүнд торгох ялыг хэрэглэх боломжгүй тул хорих ял оноож биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.22 005 Нийслэлийн шүүх Очирбатын Чулуунцэцэг Л.Энхжаргал 153.1.
2013.12.22 005 Нийслэлийн шүүх Очирбатын Чулуунцэцэг Л.Энхжаргал 153.1.